Түр хүлээнэ үү

logo

"Гэгээ"-д анхан шатнаас IELTS-ийн анги хүртэл сурахад ерөөсөө хүнд санагдаагүй

2021-05-20

ЦГэрэлтуяа

- Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Сайн байна уу. Намайг Д.Долгорсүрэн гэдэг, 10 дугаар ангид сурдаг. Би “Гэгээн гүүр” тэтгэлэгт сурагч.

 

- “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн түүхээс нь хоёулаа яриагаа эхэлье?

- Би өнгөрсөн намар Фэйсбүүкээс “Гэгээн гүүр”ийн талаар анх олж мэдсэн юм. Тухайн үед “ийм гоё боломж байна. Чи атгаад аваач ээ” гэж дотроос хэлэх шиг болсон. Эхний шатанд тэнцсэнээ мэдээд догдолсон ч ярилцлагад орно гэхээс бага зэрэг сандарч байлаа. Гэхдээ ярилцлага хийсэн багш нар маань халуун дулаанаар угтан авсны ачаар сандрахаа болиод өөрийгөө сайн илэрхийлж чадсан гэж боддог. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, “Гэгээ”-д англи хэлний бүх шатанд явах эрхийн эзэн болсон гэдэг мэдээг сонсоод маш их баярлаж, надад итгэсэн багш нартаа талархсан. Үүний хажуугаар надад их хариуцлага ирж байгааг ойлгосон доо.

 

- “Гэгээ”д хэддүгээр шатнаас эхэлж суралцсан бэ?

- Анх миний англи хэлний түвшин муу байсан болохоор би “Гэгээ”ийн I түвшингээс эхэлж сурсан. Ердөө 14 хоногийн дотор англи хэл дээр нэг ном уншаад дуусгана гэдэг бол миний хувьд их дэвшил байлаа. Түүнээс хоёр сарын дараа эх зохиол уншдаг болсон. Харин саяхан 9 дүгээр шатаа дүүргэлээ. Өнгөрсөн 10 дугаар сараас хойш найман сарын хугацаанд надад англи хэл заасан багш нартаа маш их баярлалаа.

 

- Энэ хугацаанд англи хэлний түвшин нь эрс сайжирсан болов уу гэж бодож байна. Өөрийнхөө ахицыг хэрхэн мэдэрч байна вэ?

- Би урьд нь орчуулгатай кино л үздэг байсан бол одоо англиар, эх хэл дээр нь үзэхийг эрмэлздэг болсон. Түүнчлэн англи хэл дээр уншихыг хүсэж байгаа ном тоогоо алдсан гэж хэлж болно. Ерөнхийдөө, Т.Баяр багшийнхаа хэлсэн олон зөвлөгөөг өдөр тутамдаа хэрэгжүүлж байгаа. Багш маань миний суурийг сайн тавьж өгөөд, би сурах арга барилаа эзэмшчихсэн болохоор цаашдаа англи хэлээ бие даан бүр гүнзгийрүүлнэ гэж бодож байгаа. “Гэгээ”д сураад төгссөн ч гэсэн хэлээ сайжруулах аяллаа хэзээ ч зогсоохгүй, өдөр тутамдаа бүх зүйлтэйгээ холбож давтсаар байна. “Гэгээ”-д сурч эхлэх үеийн “би”, одоогийн “би” хоёрын хооронд маш том ялгаа бий. “Гэгээ”-д сурснаар англи хэлний чадвараас гадна хувь хүний хувьд ч өөрийгөө их хөгжсөн гэж боддог.

 

- Хувь хүний хувьд хэрхэн хөгжсөн талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

- Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт, харилцаа, хандлага гээд маш олон зүйл дээр өөрийгөө сайжирснаа мэдэрч байгаа. Түүнээс гадна илүү төвлөрч сууж сурсан, өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирсан гээд олон өөрчлөлт бий. Ийнхүү эерэгээр хөгжиж сайжрахад манай багш нарын зөвлөгөө, дэмжлэг их тус болсон.

 

- Хэрвээ “Гэгээн гүүр”т тэнцээгүй байсан бол өдийд..?

- “Хэзээ нэгэн цагт англи хэлээ сайжруулна даа” гэж бодсон хэвээрээ л байх байсан болов уу. Энэ хөтөлбөрт тэнцээд бодлоо үйлдэл болгож чадсандаа маш их баяртай байна. “Гэгээ”д сурч эхэлснээс хойш миний амьдрал их гэгээлэг болсон мэт санагддаг. Багш нарын хандлага, заах арга барил, сургалтын орчин, ер нь “Гэгээ” нэрнээсээ эхлээд бүх зүйл нь гоё.

 

- Манай англи хэлний бүх түвшинд сураад төгссөн болохоор заах арга барилын талаар сайн мэддэг болсон болов уу. “Гэгээ”ийн арга барилыг өөрийн үгээр тайлбарлавал?

- “Гэгээ”д англи хэл сурахын тулд ном уншдаг гэдгийг анх сонсоод би их гайхсан. Учир нь, сургууль дээр ч, бусад сургалтын төвд ч англи хэлийг сурахын тулд дүрэм үзэж, үг цээжилдэг. Харин “Гэгээ”-д шинэ үг цээжил гэж шахдаггүй, дүрмээр нүддэггүй. Ном уншсанаар хэлний суурь зөв тавигддагаараа давуу талтай. Уншаад ойлгох чадвараа сайжруулсан байхад бичих, сонсох, ярих чадвар дагаад хөгждөг. Ном унших явцад л шинэ үгс цээжлэгдчихдэг, дүрмийн бүтцийг ойлгочихдог юм билээ.

 

 

Би урьд нь англи хэлийг сайн ойлгодоггүй байсан болохоор хичээлдээ дургүй байлаа. Харин “Гэгээ”-д сурч эхэлснээр англи хэлийг өдөр тутамдаа ашиглах дадал сууж, миний амьдралын хэв маягийн нэг хэсэг болсон. Өдөр бүр англи хэлээ давтахгүй л бол нэг зүйл дутаад байгаа мэт санагддаг. Өмнө нь би урсгалаараа, бусдын л адил “Нэг л өдөр англи хэлээ сайжруулна даа” гэж боддог байлаа. Харин өнөөдөр ийм өндөр түвшинд хүрсэн байгаадаа их баяртай байна.

 

 

- Энэ хугацаанд уншсан номуудаас чамд аль нь хамгийн их таалагдсан бэ?

- Дөрөвдүгээр шатанд уншдаг “Wonder” хамгийн их таалагдсан. Өрнөл ихтэй. Агуулга нь маш гоё. Эх зохиол гэдэг утгаараа уншихад их амттай байсан.  

 

- Танхим болон онлайн ангид хоёуланд нь сууж үзжээ. Энэ хоёр анги хоорондоо хэр ялгаатай санагдсан бэ?

- Би урьд нь, танхимаар сурах нь илүү үр дүнтэй гэж боддог байсан. Тиймээс 11 дүгээр сард хөл хорио тогтоох үед багахан санаа зовсон шүү. Гэхдээ яг сураад эхлэх үед сургалтын чанар, үр дүнгийн хувьд ялгаагүй гэдгийг ойлгосон. Онлайн анги нь харин ч цаг хэмнэх давуу талтай. Танхимаар ордог байхад автобус, түгжрэлд маш их цаг өнгөрдөг байлаа. Хичээл тараад гэртээ очих гэсээр байтал харанхуй болчихно. Харин онлайн хичээлдээ бол гэрээсээ л суучихна. Их амар. Ер нь хүн өөрөө орчноо бүрдүүлж чадвал онлайн хичээл маш үр дүнтэй.

 

- Таны англи хэлний түвшин сайжирч байгааг хамгийн их анзаарсан хүмүүс бол сургуулийн нэг ангийнхан нь болов уу. Ангийнхан, найзууд нь энэ талаар ямар нэгэн сэтгэгдэл хэлсэн үү?

- Тэгэлгүй яах вэ. Манай ангийнхан намайг “ямар гоё дуудлагатай, мундаг ярьдаг болчихсон юм бэ” гэж гайхдаг болсон. “Хэзээ, яаж ийм болчихов” гэж магтаж, урам өгдөг. Манай Баяр багш ч гэсэн их урам өгч, улам илүү хичээх хүсэл тэмүүлэлтэй болгодог.

 

- Т.Баяр багшийнхаа талаар сэтгэгдлээ хуваалцвал?

- Баяр багш ямар гайхалтай хүн бэ гэдгийг өнгөрсөн 10 дугаар сараас хойш англи хэл заалгах явцдаа би мэдэрсэн. Би урьд нь хүмүүсийг цалин авахын тулд л ажил хийдэг гэж боддог байлаа. Харин Баяр багш маань нэг ч гэсэн хүүхдийг англи хэлтэй болгочих юмсан, зорилгод нь хүргэчих юмсан, энэ сурагч маань амжилтад хүрээсэй, манай төвөөс олон зүйлийг сураад төгсөөсэй гэсэн сэтгэлээр ажлаа хийдэг юм шиг санагддаг. Ер нь “Гэгээ“ийн багш нараас бүгдээс нь ийм сэтгэл мэдрэгддэг.

 

- Анхан шатнаасаа эхлээд IELTSд бэлдэх анги хүртэл сурахад хэр хүнд санагдсан бэ?

- Ерөөсөө хүнд санагдаагүй. Харин ч IELTSийн ангидаа сураад төгсөх үед харамсалтай байсан. Болдог бол, үргэлжлүүлээд сураад л баймаар. Гэхдээ би англи хэлээ хэзээ ч орхихгүй. Цаашид бие даагаад улам сайжруулаад л явна. Хэдийгээр хагас жил гаруй сурсан ч гэлээ, энэ хугацаанд дарамттай, хүнд санагдсан зүйл байгаагүй. Шантрах гээд байвал яагаад англи хэл сурч эхэлснээ, ирээдүйд хийхийг хүсэж байгаа зорилгуудаа үргэлж санаарай гэж Баяр багш маань хэлдэг байсан. Энэ зөвлөгөө ч түлхэц болсон байх.

 

- IELTS шалгалтаа хэзээ өгөх гэж байна даа?

- Би одоо 10 дугаар анги. Дараа жил буюу 11 дүгээр ангиа төгсөх үедээ IELTS шалгалтаа өгнө. Тэр хүртэл, “Гэгээ”д сурсан зүйлсээ байнга давтаад, өндөр оноо авахын тулд өөрийгөө улам илүү сайжруулна гэж бодож байна.

 

- Мэргэжлээ сонгосон байгаа юу. Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

- Би өвөөгөө, дүрэмт хувцсыг нь хараад цэргийн хүн болохыг багаасаа хүсдэг байсан. Харин том болох тусмаа цэрэг хүний эх орноо гэсэн сэтгэл, тууштай зан чанарыг илүүтэй ойлгож, энэ мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч, дурлах болсон.

 

- Зорилгоо мэддэг, түүнийхээ төлөө хичээж яваа мундаг охин байна. Англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаа үеийхэндээ хандаад зөвлөгөө өгнө үү?

- Хамгийн эхэнд, зорилгоо тодорхой болгоорой. Англи хэлээ сайжруулъя гэж бодож явдаг маш олон хүүхэд байдаг ч яагаад сайжруулах ёстой вэ гэдгээ тодорхой болгосон нь цөөн болов уу. Зорилгоо олсон байхад гадаад хэл сурах хүсэл тэмүүлэл тань илүү нэмэгдэнэ. Хоёрдугаарт, өөрт тохирох арга барилаа олоорой. Сууриа зөв тавиулаад, өөрт тохирох арга барилаа олчихсон байхад цаашдаа багшийн тусламжгүйгээр бие даагаад хэлээ сайжруулах боломжтой мэт санагдсан. Гуравдугаарт, давталт маш чухал. Зөвхөн гадаад хэл гэлтгүй ямар ч зүйлийг сурахад давтахгүй бол амжилтад хүрэхгүй шүү дээ. Багш маань “Нэг өдөр олон цагаар сууснаас өдөр бүр бага, багаар давтсан нь илүү үр дүнтэй” гэж хэлдэг. Надад анх англи хэл сурах хэцүү санагддаг байсан. Гэхдээ эдгээр зүйлсийг хийснээс хойш гадаад хэл сурах амархан гэдгийг ойлгосон. Ахиц гараад байгааг мэдрэхээр урам зориг ороод цаанаасаа л хичээмээр санагддаг юм билээ.

 

- Сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хэлэхийг хүсэж байгаа зүйл бий юу?

- “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж, маш олон хүүхдэд ирээдүйн зорилгодоо хүрэх үүд, хаалгыг нь нээж өгч байгаа “Гэгээ” төвийн хамт олон, багш нартаа маш их баярлалаа.

 

Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Ярилцлагыг бэлтгэсэн: Англи хэлний багш Ц.Гэрэлтуяа

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.