Түр хүлээнэ үү
“Гэгээ” төвийг зорин ирсэн сурагч бүрийн түүх онцгой, содон байдаг. Тэдний тод жишээ болох Х.Энх-Амгалангийн түүхийг та бүхэнтэй хуваалцаж байна. Тэрээр манай англи хэлний ангид суралцахын тулд нэг жилийн туршид мөнгөө цуглуулжээ. Мөнгө хадгалах гэдэг хүнээс их хүсэл эрмэлзэл, зорилго, тууштай чанарыг шаарддаг шүү дээ. Тэр манайд сурч, зорьсондоо хүрэхийг тийм л их хүссэн байх нь. Түүний “Гэгээ”-тэй хамт хийж буй аялал хэрхэн эхэлж, өрнөж байгаа бол? Хамтдаа сонирхъё.
- Юуны өмнө манайд уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
- Намайг Хүрэлбаатар овогтой Энх-Амгалан гэдэг. Би 22 настай. “Гэгээ” төвийн англи хэлний ангид хоёр сар орчим сурч байна.
- “Гэгээ” төвийг зорин ирж суралцах болсон түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу?
- Дэлхийн хэл болох англи хэлийг би их сайн сурахыг хүсдэг. Тиймээс нэг жилийн гаруйн өмнө маш олон сургалтын төвийг судалж үзсэн. Олон ч сургалтын төвийн эхний өдрийн хичээлд сууж үзэхэд, бүгд шууд л дүрмээр “нүдээд” эхэлдэг юм билээ. Угаасаа ЕБС-д дүрмээр баахан “нүдүүлчихсэн” болохоор тэр төвүүд сонирхолгүй санагдсан. Тэгтэл нэг найз маань “Гэгээ” ном унших арга барилаар хэл заадаг, сонирхоод үзээрэй” гэж санал болгосон юм.
"Би өөрөө ном унших дуртай болохоор хоббин дээрээ тулгуурлаж хэл сурч болно гэхээр сонирхолтой санагдсан."
- “Гэгээ” төвийн талаар нэг жил гаруйн өмнөөс мэддэг болсон гэлээ. Харин манайд өнгөрсөн намар сурч эхэлсэн байх аа?
- Тийм ээ. Би “Гэгээ”-ийн Фэйсбүүк хуудсыг ухаж үзэхэд их таалагдсан. Гэхдээ төлбөр нь миний хувьд жаахан өндөр байлаа. Энэ үед би өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхийн тулд мөнгө хадгалах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс “Гэгээ”-д сурахын тулд шууд л ажил хийж эхэлсэн. Мөнгөө бага, багаар цуглуулсаар нэг жил болсон доо.
- Англи хэлээ сайжруулах зорилгоо биелүүлэхийн тулд хүчин чармайлт гаргасан нь сайшаалтай. Мөнгө хадгална гэдэг багагүй сахилга бат, тууштай байдлыг шаарддаг. Мөнгөө үрчихмээр санагдах үед юу таныг тогтоон барьж байсан бэ?
- Би мөнгө хадгалж эхлэх үедээ “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг уншчихсан байсан. Тиймээс өөрийгөө мэдлэгтэй болгохын тулд түүндээ зарцуулах мөнгөтэй байх хэрэгтэй. Мөнгөтэй болохын тулд зөвхөн энэ зорилгодоо зориулан данс нээж, бага багаар хуримтлал үүсгэх ёстой гэдгийг ойлгочихсон байсан. Тийм болохоор энэ тал дээр надад асуудал гараагүй.
- Танд англи хэл сурах их хүсэл тэмүүлэл байна гэж бодогдлоо. Ирээдүйд хийж бүтээнэ гэж зорьдог зүйлсээсээ хуваалцаж болох уу?
- “Хэлтэй бол хөлтэй”. “Дэлхийн нэгдүгээр хэл бол англи хэл. Хоёрдугаар хэл бол бусад бүх хэл” гэж хүмүүс ярьдаг. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд хичээлээ цахим орчинд тавьдаг. Хэрвээ би англи хэлтэй л болчихвол Монголоосоо л тэдгээр сургуульд сурах боломжтой гэдгийг олж харсан. Тиймээс “Гэгээ”-д англи хэлний бүх түвшинд сурах зорилго тавьсан. Англи хэлийг зөвхөн шалгалтын оноо авч, гадагшаа явахын тулд сурдаггүй болов уу.
"Би англи хэл сурч, түүнийгээ тултал нь ашиглаад, амьдралаа өөр түвшинд хүргэхийг хүсч байгаа."
- Зорилго тавьснаас хойш бүтэн жилийн дараа “Гэгээ”-д ирээд сурахад ямар санагдсан бэ?
- Анх би их сандарсан. Ямар хүмүүс угтаж авах бол.. гэх зэргээр олон зүйл бодогдсон. Тэгтэл “Гэгээ”-ийн хаалгаар ороод ирэхэд л хүн бүр маш уриалгахан хүлээж авсан. Манай багш ч байнга инээдэг, гоё хүн байж таарсан. Э.Цэлмэг багш англи хэл сурсан түүхээ бидэнтэй хуваалцаж, маш их зөвлөгөө өгдөг нь сонирхолтой санагддаг. Энэ боломжийг ашиглаад багшдаа баярлаж явдгаа илэрхийлье. Харилцааны тал дээр “Гэгээ” бол яалт ч үгүй №1. Би өмнө нь герман хэл сурч байлаа. Өнөөх л дүрэм заадаг арга барилаар заалгасан. Харин англи хэл сурч эхлэхэд надад яагаад ч юм их амархан, энгийн санагдсан. “Гэгээ” ингэж бодохоор хэмжээнд зааж чаддаг юм билээ.
- Ном унших хоббитой гэсэн. Манай төвийн сургалтдаа ашигладаг ном, зохиолууд ямар санагдсан бэ?
- “Гэгээ” дандаа сонирхолтой ном сонгож авдаг юм билээ. Зохиолын үйл явдалд автчихдаг болохоор анхаарал сайн төвлөрдөг. Маргааш ямар хэсэг унших бол гэж догдолсоор хичээлдээ ирдэг. Ном, зохиолууд нь сонирхолтой төдийгүй агуулга нь хувь хүний төлөвшилд сайнаар нөлөөлдөг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Англи хэл дээр бүтэн ном уншиж дуусгаад өөрөөрөө бахархах мэдрэмж төрж, урам авсан шүү.
- Анх манайд сурахдаа хэр суурьтай байв. Одоогоор ямар үр дүнг мэдэрч байна даа?
- Би “Гэгээ”-д нэгдүгээр шатнаас эхэлж суралцсан. Одоогоор Level 4 ангиа төгсөөд байна. Түвшин бүртээ бид маш сонирхолтой ном уншдаг гэж дээр хэлсэн. Ном унших үедээ үйл явдлыг нь дотроо төсөөлөөрэй гэж багш маань захьдаг. Ингэснээр хүний төсөөлөх чадвар ажиллаж, шинэ үгийг маш хурдан цээжилдэг юм билээ. Дараа нь өөр газар нөгөө үгээ хараад шууд таньж, уншсан номын хэсэг санаанд буудаг. Үгийн баялаг маш их нэмэгдэж, сонирхсон номоо англи хэл дээр уншчихдаг болсон. Одоогоор Хойд Солонгосын тухай “Escape from Camp 14” номыг уншиж байгаа.
- Маш их үгийн баялагтай болж унших чадвар сайжирсан гэлээ. Сонсох, ярих, бичих чадварын тухайд?
- Мэдээж байнга аудио сонсдог болохоор чих онгойж байгаа нь мэдэгддэг. Эхэндээ үг барьж авахын тулд аудионы хурдыг багасгаж сонсдог байсан. Одоо бол тэгэх шаардлагагүй. Ярих чадварын тухайд гэвэл, бид нар чанга унших дасгал их хийдэг. Үгээ зөв, тод хэлэх гэж хичээхээр сүүлдээ ам өвддөг юм билээ /инээв/. Дөрөвдүгээр түвшнээс эхлээд зохион бичлэг, эссе бичсэн. Эхэндээ би их алддаг л байсан. Нэг эссе бичих гэж 10 ноорог гарна. Сүүлдээ алдаа гаргах нь багасаад бичих хугацаа ч богиносдог юм билээ. Энэ бүх арга барил, дасгалыг Цэлмэг багш маань зааж өгсөн.
"Багшийнхаа зөвлөснийг хийгээд л байвал англи хэл сайн сурчих юм шиг санагддаг."
- Хэлийг сайн сурахын тулд арга барил, багш сайн байхаас гадна сурагчийн хичээл чармайлт их чухал. Та гэртээ давталт хэрхэн хийдэг байсан бэ?
- Гэртээ харих замдаа аудио хичээлээ сонсоод, толгойдоо төсөөлөөд явна. Гэртээ номоо олон удаа чангаар давтан уншина. Түүнээс гадна хичээл дээрээ сайн төвлөрнө. Багш хичээлийн эхний өдөр төвлөрлийн талаар бидэнд заасан. Хэрвээ хичээлээ хийж байхад анхаарал сарниад, бодол тэнээд байвал 3–4 удаа гүнзгий амьсгаа авахыг зөвлөдөг. Тиймээс яг сатаарах гээд байвал гүнзгий амьсгаа авахад буцаад төвлөрч чаддаг.
- Англи хэл сурах гэхээр зав гарахгүй юм, мөнгө байхгүй зэрэг шалтгаанаар хүсэл мөрөөдлөөсөө хойш суудаг олон залуус бий. Тэдэнд хандан ямар зөвлөгөө өгөх вэ?
Хэзээ ч битгий шалтаг тоочоорой. Одоогоор төлбөр мөнгө байхгүй байж болно. Ажил хийж, мөнгөө хадгалаад, өөрөө хичээгээд байвал бүх зүйл боломжтой шүү. “Энэ залуу юу мэддэг гэж надад зааж байгаа юм” гэж зарим хүмүүс бодоод, тоохгүй байж магадгүй.
"Гэхдээ та нарын л адил залуу хүний хувьд хэлэхэд, хэзээ ч битгий өөрийнхөө хүсэл тэмүүллийг хойш тавиарай. Шалтаг битгий тоочоорой. Бүх зүйл болох цагтаа болно. Тэр хүртэл хичээгээрэй."
- Ярилцсанд баярлалаа. Тууштай хэвээрээ байж хүсэл зорилгодоо хүрээрэй.
- Ярилцлагыг бэлтгэсэн: Англи хэлний багш Ц.Гэрэлтуяа
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.