Түр хүлээнэ үү

logo

Д.ДЭЛГЭРМӨРӨН: “Гэгээ”-ийн онлайн анги бол цаг хэмнэнгээ мөрөөдлөө биелүүлэх маш том боломж юм

2021-04-29

Ц.Гэрэлтуяа

“Гэгээ” төвд суралцах аянаа хэзээ ч зогсоохгүй гэдэг зорилготой Д.Дэлгэрмөрөн “Gegee Talks” булангийн ээлжит дугаарт оролцож байна. Тэрээр манай төвийн хятад, англи хэлний ангид давхар суралцдаг нэгэн. Д.Дэлгэрмөрөн “Гэгээ” төвд сурснаар гадаад хэлний түвшингээ ахиулахаас гадна хувь хүний хөгжлийн олон чадварыг эзэмшсэн тухайгаа бидэнтэй нээлттэй ярилцсан юм. Тэрээр хөл хорионы үе бол хүсэл, мөрөөдлөө биелүүлээрэй гэж бидэнд өгсөн цаг хугацаа юм шүү гэдгийг онцлон хэлсэн шүү. Ингээд түүний амттай яриаг хамтдаа шимтэн уншъя.

- Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Энэхүү ярилцлагыг уншиж байгаа хүү бүрт энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Дэлгэрмөрөн гэдэг. Би Дархан-Уул аймаг дахь “Юнител”-ийн суурин төлөөлөгчийн газарт байгууллагын борлуулалт хариуцсан менежерээр ажилладаг.

- “Гэгээ” төвийг сонгон суралцах болсон түүхээс нь хоёулаа яриагаа эхэлье?

- Би Д.Болдбаатар багшийг 2012 оноос мэднэ. Тухайн үед би “Номонд Дурлагсдын Фэйсбүүк Холбоо” группийн админ хийдэг байлаа. Нэг өдөр Болдоо багш над руу “Чи хаана, юу хийдэг вэ? Гадаад хэл сурчихвал овоо орчуулагч болчихоор хүүхэд шиг санагдлаа” гэж бичсэн. Тэр үеэс хойш Болдбаатар багшийн Фэйсбүүк хуудсыг тогтмол уншиж, гадаад хэл заах арга барилынх нь талаар бага, багаар мэддэг боллоо. Түүнчлэн Болдоо багшийг группийнхээ уулзалтад зочноор урьж оролцуулж байлаа. Би оюутан байхаасаа л хятад хэл сурахыг хүссэн. Энэ хүслээ орхилгүй, дотроо тээж явсаар байгаад “Гэгээ” төвд ирж, 1–7 дугаар түвшинд сурчихаад байна.

- Яагаад хятад хэл сурахыг хүсдэг болсон нь сонирхолтой байна?

- Хүмүүс англи гэхээс илүүтэй хятадаар ярих үед миний чих сортолздог байлаа. Хятад хэлний хөг, аялгуунаас болсон байх л даа. Би Болдоо багштай танилцсандаа өөрийгөө азтайд тооцдог юм. Учир нь, Болдоо багш миний хятад хэл сурах хүслийг өдөөж өгсөн.

Би ердөө 25, 26 настай байхдаа “Залуу хүүхдүүд л хэл сураад байна. Одоо миний сурна гэж юу байх вэ” гэж бичдэг байлаа. Тэгэхэд Болдоо багш “Үгүй шүү. Харин ч яг гоё насандаа байна. Би чиний насанд атаархаж байна. Чи сурах хэрэгтэй” гэж хүч өгсөн. Энэ жил мөрөөдлөө биелүүлж байгаадаа баяртай байгаа.

- Таны мөрөөдлөө биелүүлэх аян хэрхэн өрнөсөн бол?

- Хоёр жилийн өмнөөс “Гэгээ”-ийн Фэйсбүүк хуудас маш идэвхтэй болоод өөрийн эрхгүй миний сэтгэлийг татаж эхэлсэн юм. Өнгө төрх нь тэс өөр болоод, шинэ менежмент хийгдээд байгаа нь надад анзаарагдсан. Би өнгөрсөн жилээс Дарханд амьдрах болсон тул цахимаар сурах аргыг эрэлхийлж байлаа. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард Б.Билгүүн багштай очиж уулзлаа. Тухайн үед багш “Эхний 10 хоногийн хичээлээ танхимаар үзээд арга барилаа өөртөө суулгачих. Тэрний дараа чамайг онлайнаар чиглүүлээд явъя. Одоогоор манайд онлайн сургалт байхгүй” гэсэн. Тэгтэл Covid-19 өвчин гарлаа. Хөл хорио тогтоосноос бараг ганцхан өдрийн дараа “Гэгээ” шууд л онлайнд шилжээд, постоо өөрчлөөд эхэлсэн. “Энэ бол ёстой алдаж болохгүй боломж шүү” гээд би нэгдүгээр сарын сүүлээс Буянжаргал багшийн ангид орж, 5 дугаар шат хүртлээ сурсан. Намар ээлжийн амралтаа аваад зургадугаар шатандаа танхимаар сууж эхэлсэн.

Ийн суралцах явцад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

- Хүмүүс “Болдбаатар багшийн ярьж байгаа шиг гадаад хэлийг ийм амархан сурна гэж юу байх вэ” гэж ярьдаг. Гэтэл “Гэгээ” энэ арга барилаа амьдрал дээр алхам тутамдаа батлаад явж байгаа.

"Сурсан зүйлсээ эргээд харахаар, бидэнд хэлний зөн гэдэг зүйл суучихжээ."

Би шинэ ханз хараад л энэ тиймэрхүү утгатай, тэр төрлийн ханз байх даа гэж таахад л утга дүйгээд байдаг. Энэ бол “Гэгээ”-ийн арга барилын л ач. Сая ээлжийн амралтаараа танхимд сурахаар очиход “Дарханы сурагч маань ирчихсэн” гээд оффисийн ажилчид төдийгүй багш нар сайхан хүлээж авсан. Ингэхээр би ч тэдгээр хүмүүсийн итгэлийг алдахгүй, хичээгээд, сайн сурах юм шүү гэж боддог. Багш нар өглөөний 10 цагаас оройн 9 цаг хүртэл хичээлээ заахдаа ямар цоглог байдаг билээ. Тэгэхэд би ахуйн жижигхэн асуудал яриад таслаад эсвэл идэвхгүй байж болохгүй. Би 21 хоног танхимын хичээлд суусан. Маш үр дүнтэй ээлжийн амралт байлаа.

- Та манай цахим болоод танхимын сургалтад хоёуланд нь сууж үзжээ. Энэ хоёр ангийн хооронд ялгаа байв уу?

- Сая танхимаар суухдаа би харьцуулж үзлээ. Надад бол ялгаа харагдаагүй. Харин ч онлайн анги бол цаг хэмнэнгээ мөрөөдлөө биелүүлэх том боломж гэж санагдсан. Онлайнаар суух үед би 18 цагт ажлаа тарж гэртээ ирээд 19 цагт хичээлдээ бэлэн байдаг. Хичээл 21 цагт тарлаа, 21:30 цаг гэхэд орондоо орчихно. Харин Улаанбаатарт замын түгжрэлд багадаа 2 цагийг алдчих юм. Мэдээж танхимын хичээлд сууснаар багштайгаа царай, царайгаа хараад хичээлээ үзэх нь сайхан.

"Гэхдээ түгжрэлд цагаа үрж байхаар тэр хугацаагаа давталтдаа зарцуулбал илүү үр өгөөжтэй. Энэ утгаараа надад онлайн анги илүү давуу талтай санагдсан."

Ном, аудио хичээлүүд мэйлээр хүрээд ирнэ. Тэгэхээр бидэнд утас, интернэт байхад л хаанаас ч сурах боломж байна.

- Одоогоор таны хятад хэлний чадвар ямар түвшинд хүрсэн бэ?

- Би өдөр бүр влог үздэг. Эхэндээ ойлгохгүй зүйл мэдээж гарна. Гэхдээ сонсоод байхаар аяндаа дундаас нь үг, өгүүлбэр ойлгодог болчихдог, үүнийгээ дагаад хүн их урамшдаг юм билээ. Влог үзээд мэдэж авсан зүйлээ нөхөртөө хэлэхээр “Чи өдөрт хоёр л цаг хичээл үзээд байдаг. Тэгтэл бүр ийм зүйлсийг ойлгодог болчихсон юм уу” гэж гайхах нь бий. Хүнд үг, хэллэггүй, өдөр тутмын сэдэвтэй влог, киног би бараг 100 хувь ойлгоно. Түүнчлэн би хятадаар эх зохиож, өдрийн тэмдэглэл бичдэг болсон. Их, дээд сургуулийн хятад хэлний багш нар руу бичсэн зүйлээ явуултал “Мэдээж бага, сага анхаарах зүйл байна. Гэхдээ үгийн сонголт маш сайн байна. “Гэгээ” яалт ч үгүй, үгийн санг нэмэгдүүлж чадах юм. Хятад хүнд өөрийгөө ойлгуулж чадахаар болж” гэсэн.

“Гэгээ” яалт ч үгүй, үгийн санг нэмэгдүүлж чадах юм.

Сүүлийн үед би илүү хүнд үг хэллэгтэй подкаст сонсож эхэлсэн. Саяхан Бизнесийн хятад хэлний ангид сууж эхэллээ. Хэцүү байх даа гэж эхэндээ халширч байтал эсрэгээрээ их сонирхолтой байсан. Амьдрал дээр бид Хятадад очиход юуг мэдсэн байх ёстой вэ гэдгийг бодит кейс дээр үздэг. Сэтгэл ханамж 100 хувь байгаа.

- Та манай төвд гадаад хэл үзэхээс гадна хувь хүний хөгжил талаасаа шинэ зүйл сурсан уу?

- Би “Гэгээ”-г зөвхөн хэл сургадаг төв гэж хардаггүй. Би оны эхэнд 2020 онд хийх зүйлсийн төлөвлөгөө гаргасан. Тэнд бичсэн сурах процесстой холбоотой бараг бүх зүйл биелээд явж байгаа. Жишээлбэл, өдөрт 2 цаг сууж хичээлээ хийж байна. Энэ нь бараг л бясалгал гэсэн үг. Өдөрт 2 цагийг хичээлдээ зарцуулахын тулд албаны болоод гэрийн ажлуудаа зохицуулах шаардлагатай болно. Ингэснээр миний цагийн менежмент чамбайрч, дэмий зүйлд өнгөрөөх хугацаа шахагдаж байгаа. Үүнийг дагаад ажил, амьдрал цэгцрээд эхэлнэ.

"Болдоо багш “Завтай хүнд муу бодол төрдөг. Муу бодолтой хүнээс муу үйлдэл гарна. Муу үйлдэлтэй хүний амьдрал аяндаа урууддаг” гэж хэлдэг."

Би шинэ зүйл сурч байгаа шүү дээ гэж бодохоор хүн өөртөө илүү итгэлтэй, өөдрөг болдог юм байна. Түүнчлэн аливаад их тайван ханддаг болсон. Одоо Сэлэнгэ, Дархан коронавирусийн шинэ голомт болчихлоо гээд хүмүүс сандарч л байна. Харин би үүнийг надад хичээл хийх боломж өгсөн цаг хугацаа байна даа гэж тайвнаар хүлээн авч байгаа. Энэ нь “Гэгээ”-ийн л ач.

Та мэдлэг чадвараас гадна хувь хүний хөгжил талаасаа их зүйл сурсан талаараа хүүрнэлээ. Ийм үр дүн гарахад манай төвийн арга барилаас гадна багшийн ур чадвар нөлөөлсөн байх даа?

- Тэгэлгүй яах вэ. Би Буянжаргал, Сүүндарь багш дээр хятад хэл үзэж байгаа. Түүнээс гадна Алтан-Эрдэнэ багш дээр англи хэлний нэг түвшин сурсан. Эдгээр багш нарыг харах нь ээ, “Гэгээ”-ийн багш нар ямар эрч хүчтэй юм бэ гэж бодогддог. Хичээлийн хоёр цагт инээгээд, зогсоо зайгүй ярьж байгаа мөртлөө ядарна гэж үгүй. Хичээлдээ хоцорч орж ирнэ гэж байхгүй. Ямар нэгэн шалтаг тоочсон удаагүй. Амьдралд нь хэцүү зүйл тохиолдсон байхад ч хичээлээ орж л байдаг. Хүнийг сургая гэсэн сэтгэлтэй, их мэдлэгтэй. Өөрсдийн туршлагаа нээлттэй хуваалцдаг.

"Би “Гэгээ”-ийн багш нарыг маш мундаг хүмүүсийн цуглуулга гэж боддог."

Бүр Болдбаатар багшаас “Та хаанаас ийм сайн багш, боловсон хүчнийг олоод байна аа” гэж асууж байлаа.

Баярлалаа. Өндөр үр дүн гаргахад нөлөөлөх өөр нэгэн хүчин зүйл нь хувь хүний чармайлт шүү дээ. Та давталтаа яаж хийдэг байсан бэ?

- Би өглөө 4:30–5 цагийн хооронд босоод 2 цаг давталтаа хийдэг. Хичээлээ давтаад гэрээс гарахад өдөржин сэтгэл хөнгөн байдаг. Харин даалгавраа хийгээгүй үед өдөржин тавгүй санагдана. Мэдээж багш нар даалгавар хийсэнгүй гэж уурлахгүй л дээ. Гэхдээ багш нарынхаа итгэлийг алдахыг би хүсдэггүй. Тэгээд ч даалгавар хийх нь надад л хэрэгтэй шүү дээ. Манай байгууллагад дөнгөж 20 гарч яваа залуучууд их бий. Би тэдэнд хандан “Бид мэдээж бусадтай адилхан сурч, ажиллана.

Хүн чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаагаараа бусдаас ялгардаг юм шүү. Бусдаас ялгарч чадахгүй байвал дундаж мэдлэг, чадвартай, жирийн л амьдралтай нэгэн болно” гэж хэлдэг.

Та хөл хорионы үеийг хэл сурах боломж гэж харж байгаа тухайгаа дээр хэлсэн. Яг одоо та ямар ангид сурч байгаа вэ?

- Би Бизнесийн хятад хэлний ангид онлайнаар сурч байгаа. Түүнээс гадна англи хэлний дараагийн түвшиндээ орох төлөвлөгөөтэй. Миний ажлын цагтай зөрж л байвал би “Гэгээ”-д сурах процессоо алдагдуулахгүй гэж бодож байгаа. Ойр тойрныхоо бүх хүнд “Гэгээ”-д сурахыг зөвлөдөг. Ялангуяа 30 гарчихсан бүсгүйчүүд маань хамаг цагаа гэр бүлдээ зориулаад өөрийгөө орхигдуулах хандлагатай. “Миний хэдэн хүүхдүүд л сайн боловсролтой болж байвал би дүүрч” гэх үг тэдний амнаас их гарна. Гэтэл хоёрхон цагийг өөртөө зориулчихвал хүн өөртөө илүү итгэлтэй болдог юм билээ.

"Өнөөдөр кино үзээд ойлгохгүй, чөлөөтэй ярьж чадахгүй байж болно. Нэг жилийн дараа би тэс өөр болно гэдэг зорилго, тэмүүлэл хүнийг өөдрөг болгодог шүү дээ."

Манай төвийн сурагчид англи хэлний ангиа дүүргээд хятад хэл рүү шилжих, эсвэл хятад хэлний хажуугаар англи хэлийг давхар сурах нь олон. Та тэдгээр сурагчийн нэг. Англи хэлний ангийн талаар сэтгэгдлээ хуваалцвал?

- Би анх хятад хэл суръя гэсэн бодолтой л “Гэгээ”-д ирсэн. 1, 2 дугаар шатанд сууж байтал ангийнхан HSK4 шалгалтын талаар ярьж эхэлнэ. Тэгэхээр нь, тэр шалгалтыг өгөөд үзмээр санагдана. HSK 4-ийн бэлтгэлээ дуусчихаад HSK 5 шалгалтыг өгчихмөөр ч юм шиг бодогдоно. Би борлуулалтын чиглэлээр ажилладаг хүний хувьд бизнесийн хятад хэлийг сайн сураад авчихъя гэж зорино. Одоо бол HSK 6-г өгөхийг хүсч байгаа. Үүнээс харахаар хүний зорилго томроод байдаг.

Хэл сурна гэдэг миний бодож байсан шиг тийм хүнд зүйл биш аж.

Би өмнө нь англи хэл сурах оролдлого хэд хэдэн удаа хийж байлаа. Академик түвшний ангид ч суусан. Энэ бүхнээс би халширчихсан байсан болохоор хятад хэлийг эхлээд барьж авсан ч байж мэднэ. Тэгээд хятад хэлээ гайгүй сураад эхлэхээрээ зориглоод англи хэл рүү орсон. Мөрөөдөл томордогийн хэрээр, IELTS өгчихмөөр ч юм шиг санагдах болсон. Би 35 насандаа англи, хятад хэл сурчихна гэж төлөвлөгөөний дэвтэртээ бичиж байснаа саяхан эргэн харлаа. Энэ мөрөөдлөө товлосон хугацаанаасаа хамаагүй өмнө биелүүлэх нь дээ /инээв/.

- Та өмнө нь англи хэл сурах оролдлого олон хийж байсан гэлээ. Таны өмнө сурч байсан газрууд болон манай төвийн хооронд ямар ялгаа ажиглагдсан бэ?

- Би өмнө нь уламжлалт сургалтын аргаар их айдастай сурч байжээ. Харин “Гэгээ”-д ямар ч дарамт үгүй. Хичээлийн явцад хэл сурч байна гэж бараг бодогддоггүй. Номын агуулгад автаад “сая юу болов, хэн далайн эрэг зогсож байв” гээд зохиолынхоо учрыг олох гэсээр байтал нэг мэдэхэд л олон шинэ үг, дүрэм сурчихсан байдаг.

“Дараагийн шатанд хичээл илүү хүндрээд бичгийн хэл рүү орно шүү” гэж багш хэлэхэд сурагчид “Яана даа, хэцүү байх даа” гэх биш “Дахиад шинэ зүйл сурч авах нь дээ” гэж хүлээж авдаг.

Түүнээс гадна хүнд цаанаасаа л хэлний зөн гэдэг зүйл суудаг юм билээ. Энэ бол хэл сурч байгаа хүнд хамгийн хэрэгтэй чадвар байх.

Англи, хятад хэл сурахыг хүсч байгаа ч боломж олдохгүй юм гэж халшрах хүмүүс олон. Тэдгээр хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Та сурч чадна гэдэгтээ итгэлтэй, зоригтой байх нь чухал. Тэгэхгүй бол ганцхан түвшин сурчихаад дундаас нь орхичихвол, цаг, мөнгөний гарз. Дээрээс нь, өөрийнхөө хэл сурч чадна гэсэн итгэлээ мохоохын нэмэр. Түүнчлэн хүмүүс ар гэр, хүүхэд, оройн хоолоо яах вэ? Онлайн хичээл яг үр дүнтэй байж чадах уу? гэх зэргээр их эргэлздэг. Одоо “Гэгээ” гэлтгүй дэлхийн боловсрол онлайн руу шилжчихээд байна. Ядаж онлайнаар хичээлээ аваад сурчихсан байхад илүү их боломж гарч ирнэ.

“Шавь бэлэн болоход багш гарч ирнэ” гэдэг үг байдаг. Та зориглоод хөдөлбөл “Гэгээ”-ийн багш нар таныг хөтлөөд л явчихна.

Түүнээс гадна нэг зүйлийг хэлэхийг их хүсдэг. Хүмүүс 18–25 насныхан бол Монголын ирээдүй юм гээд сошл медиа хэрэглэгчид, контент бүтээгчид, нөлөөлөгчид(influencers) энэ үеийнхэнд их анхаарал хандуулдаг. Гэтэл “ээжүүд ээ, эгч нар аа” гэж эхэлдэг подкаст бараг байдаггүй. Ингэхээр 30-аас дээш насныхан өөрийгөө хаяад, сурч чадна гэсэн итгэлээ алдаад байх шиг санагддаг. “Хоёр хүүхдээ л сайн сургуульд өгөөд, төлбөрийг нь төлчихвөл барав” гэнэ. Гэтэл нөгөөтэйгүүр, бидэнд цаашид идэвхтэй амьдрах 30, 40 жил байна. Тиймээс 30 гарчихсан ээжүүд, эмэгтэйчүүд, эрчүүд миний ярилцлагыг уншиж байвал одоо л сурч эхлээрэй.

Дээр хэлсэнчлэн, “Гэгээ” бол зөвхөн гадаад хэл заадаг газар биш. Хүний сэтгэл санааг цэгцэлж, амьдралын зохион байгуулалтыг зөв болгодог, цагийн менежментийг сайжруулдаг, байгаа орчин, нөхцлөөсөө эерэг зүйлийг олж харах чадварт сургадаг.

2021 онд хил хаалттай байг гэхэд 2022 онд хил нээхэд би гэр бүлтэйгээ Хятадад аялахад надад хөтчийн хэрэг гарахгүй. Тэнд очоод надад ямар шинэ боломж гарах бол, өөрөөрөө бахархам мэдрэмж төрөх байх даа гэхээс би догдлоод, тэмүүлээд байдаг. “Гэгээ”-ийн сургалтын төлбөр бусад газартай харьцуулахад боломжийн. Энэ давуу талыг нь ч олж хараарай.

Баярлалаа. Миний асуугаагүй орхигдуулсан, та хэлэхийг хүссэн зүйл бий юу?

- Би Б.Билгүүн багшид их баярлалаа гэж хэлье. Би Билгүүн багштай олон уулзаж байгаагүй. Гэхдээ энэ хүний хийж байгаа ажил өөрийг нь тодорхойлчихдог. “Гэгээ”-г харахад л Билгүүн багш ямар мундаг чадвартай менежер гэдэг нь бэлхэн харагдана. Хүүхдүүд ямар тааваараа, жаргаж сурч болдгийг “Гэгээ” бага сургууль харуулж байна. Миний эргэн тойрны хүмүүс “Чиний яриад байдаг “Гэгээ” бага сургууль сурагчдынхаа цүнхийг аваад үлдчихдэг гэнэ. Тийм л сургуульд хүүхдээ өгөх юм сан” гэж хэлдэг.

Би Б.Билгүүн багшийг Монголын боловсролын салбарт үүнээс илүү өөрчлөлт хийх хүн гэж хардаг.

Намайг онлайнаар сурмаар байна гээд очиход хүлээн авч уулзаад чиглүүлэг өгч байсан. Дараа нь, би “анги нээгдэхгүй бол ганцаарчилсан сургалт ч хамаагүй авъя” гэхэд “чамайг ийм өндөр төлбөртэй сургамааргүй байна” гээд миний цагийн хуваарьт тааруулж анги нээж өгч байсан. Ийм олон нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн Билгүүн багш болон Цогтзул багш, Индрад, “Гэгээ”-ийн хамт олонд баярлалаа.

- Нээлттэй, амттай яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Ярилцсан: Англи хэлний багш Ц.Гэрэлтуяа

Та энэхүү ярилцлагыг богино видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.